Чингис хаан киноны дуу

Та бүхэндээ сонин байх болов уу гэсэн үүднээс Өвөр Монголчуудын хийсэн Чингис Хаан киноны дууны шүлгийг энд орууллаа. Өвөр Монголчуудын дуулсан дуунаас нь хөрвүүлсэн болохоор зарим үг хэллэг нь жаахан ойлгомжгүй байж мэднэ. Уг нь монгол бичиг сайн мэддэг хүнээр л хөрвүүлүүлсэн юм.

Сая түмэн буурлын домог
Салхины аясаар хуйлраад байна

Богд Чингисийн үлгэр түүх
Баатарлаг тууль хайлаад байна

Түмэн агтын төвөргөөнөөр
Тив дэлхийг хураан эзэлсэн

Өрлөг үйлсийн чинь алдар гавъяаг
Үр хойчис чинь зүрхэндээ сийлээд байна

Зулай зөөлөн нялхсын бие
Цөс зоригоор чинь хөглөгдөөд байна

Зуузай холбосон малчдын царай
Суу билгээр чинь мишээгээд байна

Тулганд манасан тайван зүүдийг
Туурайн чимээ чинь сэрээгээд байна

 

Чингис хаан киноны бас нэгэн дуу “Тал нутаг” Дуучин Тэнгэр дуулснаар оруулав.

Categories: Найраг

Барьцалт

Хүн гэдэг хоёр хөлтэй, хомхой толгойтой амьтан өөрийнхөө үеэс түрүүлж ч чаддаггүй, хэт хоцрогдож болдоггүй тул энэ үеийнхэнтэйгээ л хамт байсаар нэг насыг бардаг. Намайг төрөхийн өмнө хүү гарна, охин гарна гэж ээжд маань олон хүн хэлж байсан биз. Гэхдээ хүмүүс тэгж хэллээ гээд миний хүйс солигдож байгаагүй байх. Бас намайг үхсэний дараа тамд унасан, диваажинд хүрсэн гэж хэн ч, юу ч гэж хэлсэн би бээр үйлийн үрээ эдлээд эрлэгтэй ч юм уу бурханы элчтэй ч юм уу учирна биз.
Гагцхүү амьд ахуй насандаа хүнээс сайн муу үг сонсож, алдаа дутагдлаа засаж авах хийгээд  үеийнхнийхээ алдаа засахын төлөө заримдаа хатуу үг хэлэх нь үр дүнтэй мэт. Ийн сэтгэсний учир бий үеийнхэндээ хэдэн үг хэлмээр байна. Миний үг барьцах тухай…
Мууг харж барьцмааргүй байна. Өөрөөсөө доош харж барьцмааргүй байна. Барьцаж гавьяат болдог. Барьцаж хөдөлмөрийн баатар болдог. Барьцаж ард түмний гавьяат болдог. Нэг нь шилдэг болхоор нөгөө найз нь шилдэгийн шилдэг болдог. Тэгэхээр нөгөө нь хамгийн шилдгийн шилдэг, тултал шилдэг ч бас болно.
Нэг нь холбоо байгуулахаар нөгөө нэгдсэн холбоо байгуулна. Харин бүүр нөгөө нь үндэсний нэгдсэн холбоо болдог.
Барьцаж, барьцуулж, барьцаалж байж хүсэл тачаалаа хангадаг явдал их байна. Хүмүүст этгээд харагдаж, олны анхааралд өртөхийн тулд ам дүүрэн алиа марзан зүйлс ярьж, алаг эрээн хувцас өмөснө. Нөгөө хэсэг тэнэглэлийг нь хараад иргэдэд таалагдаж байгаа мэтсийг ажиглаад барьцаж өмнөхөөсөө улам марзан амьтад олноороо төрөн гарна.
Агуу их, шилдэг байна гэдэг алдар гавъяандаа биш харин хэрхэн амьдарсан бэ, одоо ямар түвшинд амьдарч байна гэдгээс л хамаарах ёстой шүү дээ. Энх тайван цагт баатарууд төрдөггүй. Эгэл баатар гэж байдаггүй юм. Хэрвээ эгэл хүнд оногдох ёстой баатар цол байдаг юм бол бид бүгд баатарууд байх ёстой биз дээ.
Бидний үеийнхэн эрх чөлөө, ардчилал, шударга ёс, эрх зүйт төрийн тогтолцооны үр шимийг хүүхэд ахуй наснаасаа хүртэж амьдрахын хамтаар өмнөх нийгмээс сайн ба саарыг өөртөө өвлөн тээсэн хүмүүс юм. Тийм дээ ч бидний дунд амьдарч буй шагналын донтой, алдар гавъяаны хэнээтэй нэгнийгээ шууд буруутган гадуурхаж болохгүй.
Урьдын түүхийн алдаа, оноог хамтад нь тунгааваас ижил зиндааны ноёдууд нэг нэгнээсээ ялгарах гэсэн хэнээрхэл, зэрэг дэвээрээ бусдаас илүү байх гэсэн солиорлоосоо болж бусад орны хараат дагуул орон болсон гашуун түүхий бий. Харин тал нутгийн баатар эрчүүд жинхэнэ суу алдараа дэлхийн даяар дуурсгасан үе ч бидний өмнөх түүхэнд байгаа.
Аль ч үеийн нийгэмд амьд үлдэхийн төлөөх тэмцэл, сорил туршилт байсаар ирсэн бөгөөд зах зээлийн шилжилтийн цаг үед бидний үеийнхэний өлөссөн, цангасан, гудамжны хог тоостой амьдрал дундаас өнөөдрийн залуу үеийнхэний дунд хоёр идэхгүй, хоосон хонохгүй амьдарч байгаа маань хохь ч биш, зол ч биш юм.
Тал нутгийн баатар эрчүүдийн суу алдартай харьцуулан бидний үеийнхэнийг түүх дурсах эсэх нь надаас, таниас, одоогийн залуу үеэс хамаарна. Түүхэнд хөдөлмөрийн баатар, гавъяат, алтан гадас, сүхбаатар одон зэргийг дурсахгүй, харин ирээдүйн үр хойчынхоо төлөө, эх орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө хийсэн жинхэнэ зүтгэл, чин үйлсийг ирээдүй үеийнхэн маань санан дурсаж, түүхийн хүчирхэг эргэлтэнд тийм үйл хэрэг тодорон гэрэлтэх болно.
Орчин цагийн үнэлэмжээр Эзэн Богд Чингис хаанд ямар шагнал ногдох юм. Монгол улсын гарамгай менежер, цусан гавъяат, агуу их хөдөлмөрч, цуцашгүй, мятрашгүй, хатан зоригт, тултал баатарлаг Тэмүүжин гэхүү. Ийм марзагнал байж болох хэдий ч түүх Тэмүүжинг Монголын их эзэнт гүрнийг үндэслэсэн их үйлсээр нь хүлээн авдаг. Би ч энэ хүнийг ингэж л үнэлдэг.
Хүн жижиг зүйлтэй барьцвал жижиг хэвээрээ л байдаг. Миний үеийнхэн минь ээ аминчилж нэг зүйлийг хэлэхэд өөрсдийнхөө одоо хийж буй үйл хэрэгээ, бодол санаагаа, хүсэл мөрөөдлөө Монголын түүхэн дэхь Их хаадууд, суут мэргэд, тал нутгийн чин зоригт баатар эрчүүдийн хийсэн бүтээсэн, түүхэнд мөрхөрсөн жинхэнэ алдар суутай харьцуулж, тэдэнтэй барьцаж амьдармаар байна.
Бид нэг нэгнийгээ яаж ч өргөн магтсан эсвэл доройтуулан муучилсан бодит үнэн байж чадахгүй.  Бидний алдар, бидний гутамшигийг ирээдүй үе маань бодитоор дүгнэнэ.

Categories: Үзэл

Алунгуагийн зүүд

Алунгуа өөрийнхөө өндөр өргөөнөө өдөр ч биш шөнө ч биш үеэр өрнө ба дорнын соёл арсалдсан цаг үед сэрж байна гэж зүүдлэвэй. Унтаа мөртөө сэрж байна гэж зүүдлэх нь сонин хэдий ч учрал тохиолыг урд ч биш өнөө ч биш таархыг ёрлох амой.
Хар булган хөнжил нь хайрч байх юм хачин сонин. Хамба торгон гудас нь үрж байх юм хачирхал төрнө. За тэр ч яахав зүүд юм хойно гээд Алунгуа босоод хувцасаа өмслөө. Хоргой торгон өмсгөл дээл нь даалимба байхыг үзээд гайхавч, харц шивэгчид өмсгөхгүй, аяга тахимлагууд цаг барихгүй нь ёс дэглэм алгын шинж.
Тэгээд гайхах шохоорхохын үест “эхнэр гал түлж, цай чана” гэх баргил захирангуй өнгөөр миний нөхөр бололтой нэг хүн хэлдэг юм байна. Сайн анзаарвал ширвээ сахалтай, арзгар үстэй, гэдэс нь унжсан бүдүүн бор эр байх юм. “Муу архичин чи дуртай юм бол, өөрөө чанаад гудар” гэж хэлээд гэрийн хаалгыг тас саваад гарч одлоо. Өөрөө ч мэдэлгүй үг хэлж, үйлдэл хийх нь хачин боловч аргагүй л зүүдээ зүүд.

Манай цаг үед бол миний гэрийн эзэн надтай зэрэгцэн босож албат ардууд, агт сүрэг, эд агуурсаар эргэн тойрч, нөхөд хийгээд төрийн хүнтэй их хэргийг ярилцах зуурт Алунгуа би цай хоолоор дайлдаг. Манай үед эрчүүд бор дарсанд автлаа ч их хэргийг санаж сэдэж, түүнийгээ гүйцэлдүүлэхийн тулд ухаан, тэнхээгээ зардаг байсан. Харин энэ зүүдэнд буй цаг үед нэг л өөр юм. Эхнэр, нөхөрийн харилцаа хахир ёхир, эрчүүд нь зорилгогүй архичин ч юм шиг үгүй ч юм шиг.
Миний хөл даарч байна. Анзаарвал намрын гутлыг өвөл өмссөн харагдана. Хаашаа ч хамаагүй явж мэт боловч нэг байшингийн үүд татан орлоо. Ямар нэртэй нь тогтоож чадсангүй. Нүдний үзүүрт Амбгай хааныг хөнөөсөн Алтан улсын захиан дээр байсан бичигтэй нэлээн төстэй эд байв. Миний үеийн болов уу гэмээр баахан хүүхнүүд шаагилдах авч бүгд боол шивэгчид мэт хувцастай харагдана. Тэд хоёр төмөр хооронд нь тачигнуулан өмд оёх бөгөөд дэнлүүний оронд шилэн бүрхүүлтэй унтардаггүй тод гэрэлтэй.
Би бас тэрхүү зүйлийг ажиллуулж чадахын зэрэгцээ хувьцас хүртэл оёж байх нь сайхан. Тэгтэл “эзэн ирлээ” гэсэн үгийг сонсоод бүгд хоорондын яриагаа зогсон улам шалмаг ажиллаж эхэллээ. Тэр “эзэн” гэгч нь онигор нүдтэй, хар шүдтэй хүн удаан ажиллаж буй нэгнийг шахаж шаардан загнах бөгөөд залуу охидыг элдвээр өдөн, бөгс хөхийг нь базан элдвээр аяглах нь үнэхээр ой гутмаар.
Миний хажууд ажиллаж буй хүүхэн “манай эзэн Ли Жуо ёстой сайн хүн шүү надад цалинг маань бүрэн өгсөн, амрахыг бас зөвшөөрдөг” гэж нэлээн бардуулангуй өнгөөр хэлсэнд нөгөө тал ажиллаж байсан хүүхэн “за тэр ч яахав, амь залгуулах төдий цалин өгдөг хэрнээ илүү дутуу юм шаарддаг” хэмээн уурсангүй өгүүлнэ.
Манай цаг үед эмс охидууд ариун журамтайн дээр ингэж ёс бусын зүйлс хөөрөлдөн, хов живд хошуу амаа билүүдэж сууддаггүй байсан даа гэсэн юм бодож байтал эзэн Лу Жоу-гийн найз Чанг Ву гэдэг гуулин хүн орж ирлээ. Охид хүүхнүүд бөөн л юм болж байна. Яасан гоё залуу вэ? гэх юм. Тогтон харвал гуулин улс Чингис дүүд маань алба барьдаг байхад их хааны ордны дэг ёсыг зөрчөөд 100 жанчуулаад амьтай голтой буцсан нэгэн түшмэлтэй их адилхан санагдана.
Нөгөө эзэн хайрт нөхөр Дува сохорын минь эмээгийн нэрийг чангаар хэлэх юм. “Монголжингуа” гээд. Энэ нэрийг сонсоод нэг жоохон охин босон харайгаад нөгөө гуулин хүнтэй гараад явчихлаа. Айх түгших зэрэгцэн гар салагнан зогсож байтал нөгөө Ли эзэн халаасандаа ягаан өнгөтэй, Чингис дүүгийн зурагтай хэдэн цаас хийгээд орж ирлээ. Олон юмны учрыг ололгүй бусад хүүхнүүдийг харвал юу ч болсон шинжгүй ажлаа хийцгээх юм.
Ингээд зогсож байтал Ли эзэн миний дэргэд ирээд “хай чи хурдан ажилаа хий ба” гэж хэлээд нуруу илэх гэхэд нь гартаа барьсан хайчаараа гэдэс рүү нь дүрж орхиод хаалга руу алхлаа. Тэгэх зуураа “Хүний боол байснаас хүсэл зоргоороо амьдар!!! Монголын хөх тэнгэр доор хүн өлсөж үхдэггүй юм шүү” гэж хэлээд хаалгыг нь саван гарлаа.
Гэртээ иртэл нөхөр гэгч хүн алга байв. Гэр маань ундуй сундуй, хүйтэн зэвэргэн. Хар цай буцалгах зуураа зурагт гэгчийг асааж байх юм. Тэнд нэг урт шар дээлтэй хүн овоо тахих үзүүлэх тоглолт хийж буй нь харагдана. Овоо тахих гэж нэрлээд байгаад хэдий ч манай үеийн ямар ч уламжлал алга юм. Сувгыг нь сольтол нөгөө урт шар дээлтэй хүн хувьцасаа сольчихсон хоёр гартаа хоёр хүн хөтлөөд нэлээн агсам гэмээр хоолойгоор “бид яллаа!!!” гэж хашгирч байна. Ямар аян дайн болсон юм эсвэл ямар дайснаа дарсан юм болоо гэж би гайхна.
Бүүр халамцуу агсан эр “би ерөнхий согтуу Баярлагч байна. уух уу уух уу уух уу ураа” гэж эрээ цээргүй орилно. Баруун гар талд нь зүүгдсэн Элбэгдонгодогч хочтой тагжгар цагаан эр “2.6 сая Чингис согтуурхалаа” гэж орилох юм.
Ямар эрээ цээргүй архидалт, замбараагүйдэлт вэ гэж бодоод сувгаа сольтол говьд байдаг хоёр толгойг хувааж идэх тухай бөөн хэрүүл болж байна. “Чи авна, би авна”, “Чи илүү авах гээд байна”, “Үгүй ээ харин чи илүү авах гээд байна” гэхчилэн бөөн л юм болж байх юм.
Бидний үед газар улсын үндэс гээд хэн ч халдах эрхгүй хатуу чанад хууль цаазтай байв. Тиймдээ ч энэ цаг үед онгон зэрлэг, доороо эрдэнэстэйгээ үлдсэн юмсанж. Гэхдээ энэ зэрлэг, шуналтай, өлөн адгууснууд сүйд хийж байна уу даа. Гайгүйдээ ингэж ухаж төнхөөд байвал тэнгэр бошгоо үзүүж, газар галав аа юүлэх байлгүй дээ гэсэн бодол төрж өөрийн эрхгүй уйлж гарлаа.
Тэгтэл гаднаас нэгэн жаал хүү “Монголчууд бид Алунгуа эхийн сургаалийг даган эвтэй байвал амжилт, ялалтын оргилд хүрэх байх. Тиймээ ээжээ. Манай ах эгч нар олимпоос олон медаль авлаа шүү” гэсээр дарцаглан орж ирлээ.
Уг нь миний сургаалийг энэ цаг үеийнхэн мэддэг л юм байна. Яагаад түшмэд ноёд нь сургаалийг маань хэрэгжүүлдэггүй юм болоо гэж бодоод хүүг тэврэн авч үнсэж байтал Даву сохор минь өнө холын цаг үед амьдарсан зүүднээс сэрээлээ.

2009.03.02-нд бичив.

Categories: Үзэл

Мэтгэлцэхийн баяр баясгалан

Бүгд мэтгэлцдэг хүмүүсийн дунд байхад нэгэн бодлын сайхан, нэгэн бодлын хэцүү бэрх. Сайхан нь давамгай учир бидний оюун санаанд мэтгэлцээн хэвээр оршиж буй. Мэтгэлцээнд олон сайн сайхан байх авч тэдгээрээс миний бодлоор гоц гойд нь нэг. Тэр нь үлгэрлэвээс хурын өтгөн мананг хүчит салхи үлдэн хөөх мэт, цаст уулсаас эх авсан голууд нийлэн гүн далайг үүсгэх мэт байдагт оршино. Эргэлзээ багсаж, мэдлэг арвижина.
Бядан мэтгэлцэгч надад хэцүү бэрх олон байдаг авч туйлынх нь бас л нэг. Гагц энэ бол өөрийнхөө үзлийг өөрөө үгүйсгэх тохиол. Ингэх нь энгүүн ардад онцын нөлөөгүй, идэр залууст нэн чухаг авч холын зорилготон болоод төрийн хүнд баймгүй зүйл. Миний хувьд оюутан насандаа мэтгэлцэж явсан хийгээд, одоо мэтгэлцэн буй нь чухаг үйл болж таарна.
Харин зарим нэгэн зүйл дээр өөрийн зөв гэж хүлээн зөвшөөрсөн үзэл бодлоо өөрөө үгүйсгэх нь хүндрэл бэрхшээлийг төрүүлэхийн хамт эргэлзэн тээнэггэлзэх байдлыг нэмэгдүүлэн ухаан мөчид надад урхаг ажлыг үүтгэнэ. Магад заримдаа ерөнхийн гол асуудлыг үнэнээр танисан авч түүндээ эргэлзэн тархиа ээдүүлж, цагаа гарздах тохиол бядан мэтгэлцэгч надад цөөн бус.
Бүгд ярьдаг хүмүүсийн дунд хэлгүй юм шиг суух үе зөндөө боловч тэр нь жаргалтай. Цэнгэл баясалтайн учир нь нэгэн үеийн мэтгэлцэгчдийнхээ үгнээс зөв үзэл, дэвшилтэт санаа, зоримог байдал, эх орны нийтлэг эрх ашгийн төлөөх чин сэтгэлийг олж авдаг юм.
Мэтгэлцэгчдийг харахад “эллинүүдийн архаг өвчин” гэгдэх эвлэршгүй маргаанч мэтгэлцэгч төрх суучихсан байдаг нь надтай ярилцсан хэн бүхэнд илхэн биз. Энэхүү архаг өвчний нэрийг түүхч Гредон эртний Грекүүдэд өгсөн. 130-140 мянган хүнтэй эртний Грекүүдийн дундаас өнөөдөр ч ухаан билигээрээ тодорсон мэргэд, философичид төрөн гарсан нь бахдалтай. Эртний Грекүүдийн дунд софистууд гэж онцгойч гэмээр мэргэшилтэй хүмүүс байсан гэх. Софистууд нь грекүүдэд мэтгэлцэх ухаан, илтгэх урлагийг голчлон заахын хамтаар амьдралын аж ухаанаас эхлээд төрийг төвшитгөх ухаанд сургадаг хүмүүс байв. Мөнөөх “эллинүүдийн архаг өвчин” нь софистуудад их байсан гэлцдэг.
Өргөн хүрээний мэдлэг боловсролтой, ирээдүйн удирдагчдыг бэлтгэхийг зорилгоо болгохын хамтаар хүмүүст мэтгэлцэх, илтгэх урлагийг зааж сургадаг тэдгээр софистуудын тухай бодоход бидний үеийн мэтгэлцэгчдийнхээ хийж байсан ажлууд, одоо хийж буй ажлууд, тэдний санаа бодол нь мөнөөх Грекийн софистуудтай адилхан юм шиг санагдана.
Мэтгэлцээнийхэн маань мэддэг чаддаг зүйлээ хүмүүст зааж сургахын төлөө, мэтгэлцээнийг хүмүүст зөв ойлгуулахын төлөө, илтгэх урлагийг олон хүнд эзэмшүүлэхийн төлөө ажиллаж байна. Мэтгэлцэгчдийгээ Монголын софистууд гээд хэлчихвэл томдсон хэрэг авч ухаанд нь эргэлзээ багасч, бодол санаа нь алсыг тольддог болохын цагт тэд маань жинхэнэ софистууд болно. Тийм цаг төвдөхгүй биз.
Ус хөдөлгөөнгүй бол өмхийрдөг, уураг тархи ажиллахгүй бол мөлийдөг. Оюун сэтгэлгээний бялдаржуулах нэг сонгодог арга хэрэгслэл нь мэтгэлцээн юм. Тархиа барсайлгаж, сэтгэлгээгээ хурдтай болгохын үүднээс мэтгэлцээнд цаг гаргахыг нийт залууст, мэтгэлцэгчдэд уриалан энэхүү богино бичлэгээ дуусгая.

Categories: Үзэл

Хөгжлийн сан байгуулах боломж, стратеги

Дөрөвдүгээр сар 10, 2010 Сэтгэгдэл үлдээх

“Монгол улсад төрийн өмчит хөрөнгийн сан байгуулах боломж, стратеги” сэдэвт өгүүллээрээ би сүүлийн гурван сарын хугацаанд хөгжлийн сан, тогтворжилтын сан, нөөцийн сан, ирээдүйд зориулсан хадгаламжийн сан, тэтгэврийн сангуудад хийсэн судалгааны үр дүнгүүд тулгуурлан Монгол улсад шинээр байгуулж болох сангийн төрөл хэлбэр, бодлогын зорилго, сангийн эх үүсвэр, эрх зүйн орчин, удирдлага, хөрөнгө оруулалт ба эрсдэлийн бодлого, ил тод байдал, хяналт зэргийн тогтолцоо ямар байж болох тухай өөрийн бүтцийг танилцуулахыг зорилго болголоо.
Монгол улсад хөгжлийн сан байгуулах тухай асуудал сүүлийн 10 жилийн хугацаанд судлаачид, эрдэмтэд, зарим шийдвэр гаргагчдын дунд эрчимтэй яригдаж байна. Түүнчлэн чухам ямар хэлбэрийн сан байгуулах, түүний эрх зүйн орчин, хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт зэргийг хэрхэх талаар ялгаатай байр суурь, загваруудыг дэвшигдэж, тэдгээрт нийцүүлсэн хууль эх зүйн орчин өөрчлөгдөж ирсэн.
Тус өгүүллээрээ дээрх зургаан сэдвийн хүрээний судлаж тогтоосон зүйлс, сэдвийн талаарх өөрийн санал, бодлуудаа та бүхэнтэй хуваалцах юм.
УИХ-аар батлагдсан одоо хүчин төгөлдөр байгаа эсвэл хүчингүйд тооцсон гурван хууль тэдгээрийн бодлогын зорилго, Баян Монгол сангийн санаачилга, Эрдсийн сан байгуулах судалгаа зэрэг албан ёсны шийдвэр, бодлогууд болон иргэний нийгмийн байгууллагуудаас гаргасан хүчин чармайлтууд нь дээрх зургаан хүрээний бодлого, стратегийг иж бүрэн хэмжээнд тооцсон, томёолсон үгүй байна. Бүрэн нийтлэлийг www.solution.mn вэб сайтаас орж уншина уу.

Categories: Экономикс
Follow

Get every new post delivered to your Inbox.